A view of the vibrant Main Temple at Choijin Lama Temple Museum in Ulaanbaatar, Mongolia, featuring ornate red pillars and a green roof.

Transcripts

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙ

Улаанбаатар

Туршлага эхлүүлэх (Opens in new tab)

Чойжин ламын сүм музейд тавтай морилно уу

Монголын хамгийн өвөрмөц газруудын нэг болох Чойжин ламын сүм музейд тавтай морилно уу. Энэхүү сүм цогцолборыг 1904-1908 оны хооронд ази дорно дахины орнуудын уран барилгын уламжлалыг хослуулан бүтээжээ. Энэхүү аяллаар та бүхэн Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс эхлээд улс төрийн хэлмэгдүүлэлтийн эгзэгтэй үеийг хүртэлх түүхэнд Чойжин ламын сүм хэчнээн чухал үүрэгтэй байсныг олж мэдэх болно. Өдрөөс өдөрт өргөжин тэлж, асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй Улаанбаатар хотын төвд байрлах Чойжин ламын сүм музей нь Монголын соёлын өвийн гэрч болон гоёмсоглоно. Зам зуурт Та эрдэмт лам багш, соёл судлаач, архитектор, бурхан урлаач тэргүүтэй эрхэм хүмүүстэй тааралдах бөгөөд энэхүү гайхамшигт музейн талаар тус тусын мэргэжлийн үүднээс нарийн сайн танилцуулж өгөх болно.

Stop 1. Өлзий бэлгэтэй байршил

Нэгэн цагт Хүрээ хэмээн нэрлэгдэж асан Монголын нийслэл нь одоогийн энэ газартаа суурьшихаасаа өмнө нүүдэлчин монголчуудын шашин, соёлын төв байв. Чойжин ламын сүм музей нь орчин цагийн их хотын зүрхэн төвд оршино. Энэ байршлыг анх 1903 онд их газар шинжээч нар өлзий буянтай, хүн амьтанд зохилдлого сайтай хэмээн сонгосон хэмээдэг. Чойжин ламын сүм музейн хамгийн урд байрлах хөх саарал өнгөтэй “Халх хаалга буюу Ямпай хаалга” нь сонин содон бэлгэдэл, чимэглэл тэргүүтнээрээ олны хараа эрхгүй булаана. Халх хаалга нь зүг, зовхисын элдэв аюул,саад тотгор, муу хорлол бүхнээс хамгаалах утга бэлгэдэлтэй. Халх хаалганы чанх хойно ертөнцийн зүг, зовхисыг сахин хамгаалагч дөрвөн их хаад залрахын орон болсон Махаранзын сүм асарлана. Энд Чойжин ламын сүм музейн захирал та бүхнийг угтан уулзаж, сүмийн түүх, барилга байгууламж, байршлын учир зүйн талаар тайлбарлан танилцуулна.

Отгонсүрэн Дугарсүрэн

Чойжин ламын анхны сүмийг 1899-1901 онд Зүүнхүрээний Шар ордны хойхно барьж байгуулсан байдаг боловч 1903 оны өвлийн нэгэн шөнө гэнэтийн гал гарч бүрэн шатаж үгүй болсон. Ийнхүү 2 дугаар сүмийг нь өнөөгийн байгаа Чойжин ламын сүмийн буурин дээр барьсан байдаг. Тухайн үед газар шинжээч лам нар хүрээний хамгийн мөстлөгтэй догшин сахиус орших тохиромжтой газар юм гэж энэ газрыг сонгож Чойжин лам Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан Омбо тэргүүтэй шилдэг 300 гаруй урчууд энэхүү сүмийн цогцолборыг бүтээн байгуулсан юм. Чойжин ламын сүм нь 1908 онд байгуулагдаад, 1930-аад оны сүүл хүртэл 50 орчим хурлын ламтай, 2 жастайгаар үйл ажиллагаа эрхэлж байсан.

Амгалан Норовцэдэн

Бурханы шашинд бурхан, ном, хуварга гэж гурван үндсэн гол зүйл бий. Бурхан юу айлдсан бэ? Бурхан юуг сургасан бэ? Түүний гол сургаал Үнз лам гээд онолыг үзэж судалдаг тэр ном дарма юуг өгүүлдэг вэ? Хүмүүсийн үзэл баримтлалыг ном дармагаар яаж авдаг вэ? Үзэл баримтлалаа бий болгосон ном судраа, гэгээрсэн мэргэдийн сургаалыг нь биеэр үлгэрлэн, түгээн дэлгэрүүлдэг хуваргууд гэж байгаа. Энэ гурван зүйл бол Бурханы шашны хамгийн гол зүйл байдаг. Чухаг дээд гурван эрдэнэ гэж нэрлэдэг. Энэ чухаг дээд гурван эрдэнийг үргэлж дэлгэрэхэд нь, оршин тогтноход нь үүнийг дэлгэрүүлэх номын үйлсийг нь харж тэтгэнэ, хамгаална гэж ам тангаргаа өгсөн номын сахиуснууд олон байдаг. Ялангуяа бурхдын хувилгаад олон дүрээр, зарим нь амирлангуй дүрээр, зарим нь догшин дүрээр зарим нь хагас хилэнт дүрээр гээд олон янзын дүрээр бидэнд үзэгдэж хүний нисванисыг арилгах, муу сэтгэлийг нь засах тохинуулах тухайд олон янзын номыг тэтгэгч сахиуснууд байдаг л даа. Энэ болгон бүгдээрээ л бурхан гэгээн гэдгийн нэгэн мөн чанартай. Харахад догшин дүртэй байлаа ч, амирлангуй дүртэй байлаа ч бүгдээрээ бурхан гэдэг мөн чанартай. Зарим зүйлийг хүмүүс хүчлэн хийх, зарим зүйлийг амирлангуй байдлаар шийдэх, зарим хүнийг "Миний хүү боль оо" зарим хүн больчихдог. "Энийг болиоч" гэхэд зарим хүн айгаад больчихдог. Номын сахиуснууд энэрэлт, догшин янз бүрийн дүртэй байдаг. Ийм олон хувилгаан дүрүүд дотроос номыг тэтгэгч сахиуснуудын дүр, сүм хийдийг хамгаалах, шашин номоо дэлгэрүүлэх, буруу үзэл дэлгэрэх, нийгэм амар амгалангуй болгох, хамгаалж байгаа тэр сахиуснуудыг номыг хамгаалагч сахиус гэж нэрлэдэг. Үүнийг Чойжин сахиусууд буюу номыг тэтгэгч сахиус нар гэж нэрлэдэг.

Доктор Оюунбилэг Зундуй

Чойжин ламын сүм, ер нь сүм хийдийг төлөвлөхөд, хамгийн эхлээд газрыг нь сонгодог. Хаана байрлуулбал энэ сүм хийд болох вэ гээд, бүх сүм хийдийг тусгай газар шинжээч газрыг нь сонгодог. Мэдээж уул устай ойрхон, хөдөө хээрт уулын нөмөр бэлд, гол усны дагуу гэдэг. Чойжин ламын сүм нь, тухайн үед ямар ч эзэнгүй, урд талдаа Богд уултай ийм сайхан тал байсан, хажууд нь өөр сүм байсан, тэгээд тэрийг бараадуулаад барьсан байгаа. Яг архитектур төлөвлөлтийн хувьд ямар вэ гэвэл, төв рүү чиглэсэн гол тэнхлэг дээр тэгш хэмийн байрлалтай байрлуулсан сүм байгаа. Тэгэхээр гол сүм нь бол төв нь, тэр лүү төв рүү чиглэсэн тийм зарчмаар 2 талд нь тэгш хэмийн байгуулалттайгаар бусад сүмүүдийг барьсан. Гол тэнхлэг дээрээ гол байгууламжуудаадаа барьсан төлөвлөлттэй.

Stop 2. Гол сүм буюу Өршөөлийг хөгжүүлэгч сүм

Махаранзын сүмээр дотогш ормогц төв зам нь биднийг Хүндэтгэлийн хаалгаар хөтлөн, сүм цогцолборын төвд сүндэрлэх Гол сүмд хүргэнэ. Урд цагт шашин номын үйл хэвийн явагдаж байхад 50 гаруй лам хувраг тус сүмд ном хурдаг байсан, Эрдэнэ билигт, Тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын номын үйлс дэгжсэн өргөө байлаа. 1930-аад оны үед төрөөс шашны эсрэг явуулсан хатуу бодлогын улмаас монголын олон зуун сүм хийд, олон мянган лам хуврагууд хэлмэгдсэн ч Чойжин ламын сүм нь харьцангуй бүтэн хоцорч, өдгөө музей болон үлджээ. Тус музейд ховор нандин ном судар, буддын шашны нууц тарнийн ёсны цамын иж бүрэн хувцас, тусгай зан үйлд хэрэглэж байсан эд өлөг, уран зураг, баримал тэргүүтэн 6000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Музей нь түүх, соёлын үнэт дурсгалуудыг хадгалан хамгаалахын зэрэгцээ монголын оюун санаа, урлаг, уран сайхны нандин өв уламжлалыг олон нийтэд таниулан сурталчлах боловсролын хөтөлбөр, өдөрлөг, үйл ажиллагаануудыг идэвхтэй зохион байгуулж байна.

Отгонсүрэн Дугарсүрэн

Ийнхүү 1930-аад оны сүүлээр энэ сүмийг хэрхэх вэ гэдэг хувь заяа шийдэгдэх тэрхүү торгон мөчид Шинжлэх Ухааны хүрээлэнгийн хэсэг эрдэмтэн судлаачид, Оросын уран барималч Васылов зэрэг хүмүүс энэ сүмийг нурааж устгалгүйгээр судалгаа шинжилгээ хийж, сүмд хадгалагдаж байгаа Бурханы шашны нандин эд зүйлс нь цаашид судалгаа шинжилгээ хийхэд хэрэгтэй юм хэмээн төрийн нийгмийн зүтгэлтнүүдэд өргөх бичиг барьсан байдаг. Ингээд 1938 онд Ерөнхий сайд Амар, Маршал Чойбалсангийн шийдвэрээр сүмийг үзэсгэлэн, судалгааны зорилгоор Шинжлэх Ухааны хүрээлэнд шилжүүлж, музей болох суурь нь тавигдсан юм.

Амгалан Норовцэдэн

Бурхан шашны хөгжил дэлгэрэлтийн түүхэнд, ялангуяа Монголын дэлгэрсэн Бурхан шашин 2000 гаруй жилийн түүхтэй, энэ шашны хөгжил, боловсролын тогтолцоо тухайн улс үндэстний өөрийн соёлын бий болгосон энэ их хөгжил цэцэглэлтийн дунд нэг харамсалтай, маш томоохон, гунигтай, хожим дахиад бүү давтагдаасай гэж бодсон зүйл бол 1937-1939 оны хоорондох хэлмэгдүүлэлтийн үйл явц юм. Энэ бол монголчуудын, тэр том үндэстэн байсан, дэлхийд Монгол гэдэг том үндэстэн нэгдсэн Монгол улс гэж томоохон улс байсан, ийм шашин соёлтой, Бурханы шашин өндөр хөгжсөн энэ өндөр хөгжлийг оргилд нь хүртэл үгүй хийх, ийм харамсалтай зүйл болсон. Нийтдээ 21000 гаруй лам хэлмэгдэж цаазлагдсан, Монгол оронд байсан 1000 гаруй сүм хийд устаж үгүй болсон, маш харамсалтай зүйл болсон. Дахиад ийм харамсалтай зүйл дахин бүү давтагдаасай гэж чин сэтгэлээсээ боддог. Энэ бол хэлмэгдүүлэлт гэж хэлэхэд ч энэ үг багадна. Барууны болон гадны судлаачид юу гэж үзэж байна вэ гэхээр энэ үеийг хэлмэгдүүлэлт гэж нэрлэхгүй, энэ бол зохион байгуулалттай геноцид зохион байгуулалттай аллага хядлага болсон гэж дүгнэдэг.

Stop 3. Ядамын сүм: Бясалгалын өргөө

Сүм цогцолборын чанх хойно байрлах Ядамын сүм нь Чойжин лам Лувсанхайдавын нууц тарнийн бясалгалын өргөө байжээ. Чойжин лам Лувсанхайдавын үйлс зохионгуй нь буддын шашны сургаал номыг Монгол үндэстний соёлын онцлогтой нийцүүлж түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. “Чойжин лам” хэмээхийн “Чойжин” нь “Номыг тэтгэн сахигч”, харин “лам” нь “номын багш” гэсэн утгатай төвөд үг бөгөөд Лувсанхайдав лам болон шашны сахиусны, ялангуяа бурхны шашны очирт хөлгөний ёсны хоорондох гүн нарийн холбоог илэрхийлнэ. Энд тэрбээр ханьцашгүй дээд тарнийн ёсны бясалгал нямба үйлддэг байжээ. Энэ сүмд олон зүйл ур ухааны нандин бүтээлийн үр болсон бурхны хөрөг зураг, гууль болон зэсээр бүтээсэн баримал дүрүүд залаатай буй.

Отгонсүрэн Дугарсүрэн

Чойжин ламын сүмийг Чойжин лам Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээсэн. Лувсанхайдав нь 1872 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Далай ламын санхүүч, Өндөр зэрэгт Гончигцэрэнгийн 5 дугаар хүү болон мэндэлсэн. 1874 онд Халхын Бурханы шашны тэргүүн, 8 дугаар Богд Жавзандамба хутагтаар тодорсон ахыгаа даган гэр бүлийн хамт Монгол орноо залагдан ирсэн байдаг. Лувсанхайдав бага наснаасаа монгол ахуй, хэл соёл, эрдэм номд шамдаж сурсан, эрдэмтэй хүү болж өссөн. 1883-1884 оны үед Монголын Бурханы шашныг хамгаалуулах зорилгоор, хүрээний хамба Номуун хан Балданчоймбол 8 дугаар Богд Жавзандамба хутагттай зөвшилцөн Төвдөөс Сэтэв сахиусын өмнөөс буудаг Гүртэм ламыг урин залж авчирч, догшин сахиусыг Чойжин лам хэрхэн буухыг зааж сургаж, ном эрдэмд суралцсан байдаг. Ийнхүү Чойжин лам төрийн Чойжин болж, төрийн Чойжин орших энэ сүмдээ төр, шашныг хамгаалах зорилгоор Чойжин буудаг байсан. Ингээд Монголд төр, шашныг сахин хамгаалах өндөр их үйлсийг нь 8 дугаар Богд Жавзандамба хутагтаас сайшаан, тухайн үедээ Гүжир хамба төрийн голын Чойжин, Эрдэнэбилэг Тунгалагбишрэлт хутагт хутагтын цол, хутагт тамга, сүмийг захирах тамга зэргээр шагнаж урамшуулсан байдаг. Ийнхүү төрийн Чойжин 1918 оны 2 дугаар сарын 16-нд ухаан балартах өвчин тусаж, луу цагт жанч халсан түүхтэй.

Амгалан Норовцэдэн

Хүн нэг нас, нэг биен дээрээ үтэр түргэн бурхан болж гэгээрнэ. Өөрт байгаа наян дөрвөн муу сэтгэлээ бүгдийг нь дараад 84000 сайн эрдмийг олно гэхэд бясалгалын дээдийн дээдийг хийх ёстой. Бясалгалын дээдийн дээдийг хийж бүтээж хийхэд Ядам бурхны омгийг үүсгэж, Ядам бурхны үүсгэлийн зэргийг оролцож, мөн Ядам бурхны төгсгөлийн зэргүүдийг үе шаттайгаар хийж чадах юм бол нэг бие, нэг насандаа бурхан болж гэгээрч чаддаг. Тийм учраас, Бурханы шашинтнуудын хувьд Ядам бурхан гэгээрсэн бурхны зэрэгт очиход зам замналыг үтэр түргэнээр, хурдтайгаар зааж өгч, хүний хөгжлийн дээдэд нь замчилж өгдөг учраас Ядам бурхдын сүмүүд Ядам бурхныг шүтэх, Ядам бурхны бясалгалыг хийх зам бол Бурхны шашинд хамгийн гол зүйл байдаг. Тийм ч учраас, Чойжин сүм дээр, яг энэ хийдийн ард, байршлын хувьд Ядам сүм ардаа байгаа. Тэгэхээр манай Богд нарын хувьд Дэмчиг бурхныг бодитоор маш их шүтдэг. Дэмчигийн бясалгал, бүтээлийг хийдэг. Дээр нь бас, Яманд бурхны бясалгалыг маш их хийдэг. Мөн Сандуй бурхны бясалгалыг хийдэг. Эдгээрийг бүгдийг нэгтгээд Ядамын сүмүүд буюу Ядамын хийд дээр залж, тусгайлсан оношлогооны дагуу хийж, бясалгалыг нь бүтээж, мастер лидер хувилгаад бий болдог.

Ухаанзаяа Доржнамжин

чойжин ламын сүмд урлахуйн ухааны маш олон хосгүй үнэт бүтээлүүд байдаг. Энэ дундаас чиглэл чиглэлээрээ урлахуйн ухаанд цутгуур урлахуйн ухааны бурхдын, энэ дундаа лагшин, зарлигийн шүтээн аль аль нь цутгуураар байна. Мөн танка зургийн хэлбэрээр байна. Мөн торгон зураг буюу зээгт наамлын хэлбэрээр байна. Мөн модон сийлбэрээр бурхдын хот мандал, цаасан шуумлын төрлөөр бас байна. Ер нь урлахуйн ухааны бурхдууд энэ төрлүүдээс хэтийдсэн гарах ямар ч материалыг голлоод цутгуураар бурхдыг бүтээж болно. Мөн торгон зураг буюу зээгт наамлаар хатгаж оёж, гурван шүтээнийг бүтээж болдог. Гурван шүтээнд лагшин, бурхдын лагшин дүр болоод суварга шүтээн болоод бурхдын айлдсан сургаал номлол, судруудыг бүтээсэн байдаг. Чойжин ламын сүм музейд бурхдын лагшингийн шүтээнд хамаарагдах бурхдын зээгт наамлаар бүтээсэн хосгүй үнэт бүтээлүүд байна. 2 дугаарт, лагшин шүтээнийг цутгуураар, мөн хөөмлийн аргаар бүтээсэн маш олон бурхад байгаа. Үүнээс гадна, шуумлын аргаар бүтээсэн диваажингийн орон, Ямандаг бурханы лоолийн хот мандалууд байна. Мөн сийлбэрээр хийсэн, маш нарийн хийцтэй бүтээсэн Гүнгарваа байна. Бурхдын сүмийн олон хээ хуар, Гүнгарвааг модон сийлбэр, зүмбэрийн аргаар бүтээсэн байна. Маш олон урлалын төрлүүдийн охь болсон бүтээлүүд Чойжин ламын сүм музейд хадгалагдаж байна.

Stop 4. Дээдийн үзэсгэлэнт өргөө

Сүмийн сүрлэг дээврийг тольдвоос үзэсгэлэнт ганжир нь алтарч, гол нурууны ирмэг дээгүүр нь үлгэрийн амьтад амсхийх мэт, өнгө будаг нь зохилдонгуй уран сайхан зургууд нь урчуудынхаа бүтээлч хүсэл зоригийг илтгэх мэт. Үзэх нүдний баясгалан мэт сүмийн эдгээр чимэглэл нь урлаачдынхаа эгэлгүй уран чадварыг илтгэж байхад, ерөнхий зохиомж нь нягт нямбай бодож боловсруулсан өвөрмөц гоо зүйг илэрхийлнэ. Ядамын сүмийн баганууд, алтадсан хэсгүүд, уран сийлбэр бүхий модон хийцүүд, бурхны шашны чухал шүтээний орон тэргүүтнийг саяхан сэргээн засварласан нь тус сүмийн өнгө будаг, дүр төрхийг илүү тод сайхан болгож өгчээ. Монголын шашин соёлын дурсгалт уран барилгуудаас өнөө цагт хадгалагдан үлдсэн цөөхөн түүхэн дурсгалын нэг болох Чойжин ламын сүм цогцолборын бурхны шашныг сэргээн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь онцолж 2020 онд “Дэлхийн хөшөө дурсгалын сан”-аас яаралтай авран хамгаалах жагсаалтад оруулжээ. Сүмийн сэргээн засварлалтын ажлыг хадгалалт хамгаалалтын мастер төлөвлөгөөг баримтлан, Дэлхийн хөшөө дурсгалын сан, Монголын Урлагийн Зөвлөл, Чойжин ламын сүм музейн дэмжлэг, хамтын ажиллагаагаар хэрэгжүүлж байна. Энэхүү сэргээн засварлах ажлын хүрээнд дотоодын өв соёлын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Ийнхүү бид Чойжин Ламын Сүм музейн цаашид зочид гийчдээ үеийн үед хүлээн авсаар байх нөхцөл боломжийг улам бүр баталгаажууллаа.

Отгонсүрэн Дугарсүрэн

Музейн үзэгч үйлчлүүлэгчдийн тав тухтай үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, үзмэр, эд өлгийн зүйлийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, түүх соёлын өвийг таниулан сурталчлах их үйлсэд иргэд, хувь хүмүүс, байгууллагууд маш их дэмжиж тусалж ирсэн. Энэ ч утгаараа Чойжин ламын сүм музейн үйл ажиллагаа өргөжин, хөгжиж ирсэн. Чойжин ламын сүм музейн хамт олон бид музейнхээ урт хугацааны төлөвлөгөөг шинэчлэн баталж, дэлхийн хөшөө дурсгалын сангийн мэргэжилтэнтэй хамтарч, дурсгалт барилгын сэргээн засварлалтын менежмент төлөвлөгөө боловсруулж, мөн олон хүмүүсийн дэмжлэгээр Дэлхийн Хөшөө Дурсгалын сангийн 22 улсын 25 дурсгалын нэгээр шалгарч чадсан. Бид дэлхийн жишигт нийцсэн үзэсгэлэн, сан хөмрөгийн байртай болохоор төлөвлөж, Монголын улсын Засгийн газрын хөтөлбөрт тусгасан. Чойжин ламын сүм музейн хамт олон бид музейн үйл ажиллагаа улам өргөжин тэлж, дэлхийн жишигт нийцсэн музейн стандартыг хангасан барилга байгууламжтай, үзэгч үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай орчин, нөхцөлийг бүрдүүлсэн музей болно гэдэгтээ итгэлтэй байна. Өнөөдрийг болтол Чойжин ламын сүм музейг дэмжиж ирсэн хүмүүс, байгууллага та бүхэнд талархлаа илэрхийлье. Чойжин ламын сүм музейд тавтай морилно уу.

Ухаанзаяа Доржнамжин

Шүтээн зээгт наамал гэдэг маань ер нь торгон зураг гэдэг монгол одоо их хөлгөлийн уламжлалтай, Энэтхэг, Төвөд, Монгол хэмээх энэ их хөлгөлийн уламжлалтай орнуудад шүтээн торгон зураг буюу зээгт наамал гэдгээр маш их алдаршсан. Тэр дундаа Монгол оронд зээгт наамал оргилдоо тултал хөгжсөн гэж үздэг. Тэгэхээр 19-20 дугаар зууны үеийн 8 дугаар Богд буюу Чойжин ламын ах 8 дугаар Богд, Жавзандамба, 8 дугаар Богд Жавзандамба хутагтын үед танка зураг буюу торгон зураг оргилдоо тултал хөгжсөн гэж судлаачид үздэг. Зээгт наамалд лагшин, зарлиг, тааллын шүтээний зарлигийн шүтээн нь. Биеэр урлах шүтээн, зарлигийн шүтээн, лагшин, зарлиг, тааллын 3 шүтээнийг зээгт наамлаар бүтээж ирсэн нандин уламжлал байна. Энэ дундаас урлалын олон хэлбэрүүд байдаг гэж би түрүүн ярьсан. Зурж бүтээж болдог, зарлигийн 3 шүтээнийг, мөн цутгаж бүтээж болдог. Сийлбэрээр хийж болно, цаасан шуумлаар хийж болно, баримлаар хийж болно. Мөн хамгийн гол төрөл бол торгон зураг буюу өнгө өнгийн олон янзын торгоор зурах буюу зээгт наамал гэдэг энэ зүйлийг Монголд оргилд нь тултал хөгжүүлж ирсэн нарийн уламжлал байна. Зээгт наамал нь, Чойжин ламын сүм музейд зээгт наамлын 19-20 дугаар зууны үеийн хамгийн нандин хосгүй өв бүтээлүүд нь хадгалагдаж байдаг.

Stop 5. Хурдацтай өөрчлөлтийн дунд амгалан орших баян бүрд

Чойжин ламын сүм музей нь Улаанбаатар хотын хурдацтай хөгжиж буй хотжилт дунд орших ариун дагшин баян бүрд юм. Хотын зүрхэнд орших, гол бэлэг тэмдэг болсон Сүхбаатарын талбайгаас хэдэн алхмын зайд байрладаг тус сүм нь Монголын түүх, шашин, соёлын уламжлалыг орчин үеийн хөл хөдөлгөөнтэй амьдралтай холбож байдаг билээ. Сүүлийн үеийн өндөр шилэн барилгууд сүмийг тойрон сүндэрлэсэн ч Чойжин ламын сүм музей нь амар амгалан, бодрол бясалгалын орон хэвээр байна. Түүхэн дурсгалт барилга байгууламжийн цогцолборт хүмүүс тайван алхалж, Халх хаалганы дэргэдэх зүлэг ногоон байгууламжид анд нөхөд, хамт олноороо уулзалдах нь тус музейн өдөр тутмын л дүр төрх. Музей нь түүх соёлын өвийг хадгалан хамгаалж, судлан сурталчлах ажлын хүрээнд олон нийтэд зориулан тусгай үзэсгэлэн, бясалгал, цам, ардын урлаг, уламжлалт өв соёлын тоглолт зэргийг идэвхтэй зохион байгуулж байна.

Отгонсүрэн Дугарсүрэн

Бид ирээдүй хойч болсон залуучууддаа соёлын өвийг хэрхэн сонирхолтой хэлбэрээр хүргэх вэ гэдэг зорилгоор "Үдшийн музей" гэдэг үйл ажиллагааг 14 жил тасралтгүй явуулж байна. "Үдшийн музей" үйл ажиллагаа маань үзэгчиддээ тусгайлан үзэсгэлэн зохион байгуулж, мөн мэргэжлийн урлагийн байгууллага, дуучдыг урьж оролцуулан музей үзэж соёлын биет өвийг соёлын биет бус өвтэй нь цогцлоон нэг дор үзэх боломжтой юм. Тухайлбал, манай Чойжин ламын сүм музейд цамын хамгийн олон баг, тэр бүү хэл Монгол улсын хосгүй үнэт үзмэрүүд болох Улаан сахиус, Говь сахиус гээд иж бүрэн өмсгөлтэй үзмэрүүд хадгалагддаг. Тэгэхээр соёлын биет өвийг цам бүжгээр олон нийтэд харуулснаараа соёлын биет өв нь биет бусаараа хэрхэн амилж хүмүүст үзүүлж болохыг бид харуулахыг зорьсон юм.

Амгалан Норовцэдэн

Сүм хийдийн дэргэдэх музей танин мэдэхүйн маш өндөр ач холбогдолтой гэж боддог. Яагаад гэвэл, Чойжин ламын сүм музей нь Улаанбаатар хотын эрдэнэ зүрх болсон газарт, Монгол улсын нийслэлд байна. Энэ сум хийд музейгээр дамжуулаад, Бурханы шашныг танин мэдэх ойлголтууд Бурханы шашны хөгжил, Бурханы шашны урлагийн төрөл зүйл, мөн Бурханы олон амирлангуй дүрүүд, хилэнт дүрүүд, хагас хилэнт дүрүүд, дээр нь ямар учир шалтгааны үүднээс ийм сүм хийдүүдэд Бурхан шүтээнээ залдаг, энэ сүм хийдийн хаалгаар орж ирмэгц л ямар зан үйл, юунд орж ирж байгаа тухай, мөн гарахдаа ямар зүйл эндээс арилаад алга болж байгаа тухай гэх зэрэг бодлуудыг музейн албан ёсны тайлбарлагч хүмүүсээс мэдлэг авдаг учраас хийдийн музей байх нь ач холбогдол өндөртэй. Эндээс биет болон биет бус соёлын өвийн маш их өндөр мэдлэг авдаг. Тийм учраас, музейн ач холбогдол асар их өндөр л дөө.

Доктор Оюунбилэг Зундуй

1778 онд Улаанбаатар хот яг өнөөгийн байрандаа ирж анх суурьшсан байгаа. Тэр үед Хүрээ гэж нэртэй байсан. 1911 онд Нийслэл Хүрээ гэж нэртэй болоод, сүүлд 1924 онд одоогийн Улаанбаатар гэж нэртэй болсон юм. Хүрээ гэж байхад Хүрээний гол 2 том сүм, нэг нь Гандан, нэг нь Зүүнхүрээ гэсэн Хүрээний 2 том гол сүм байсан. Тэрний Зүүнхүрээ гэдэгт анх 1899 онд Чойжин ламын сүмийг барьсан, 1899-1901 оны хооронд модон байшин барилга байсан. Тэр үед Шар Орд гээд Богдын төрийн гол ордон тэнд байсан. Шар Орд, Дэчингалавын сүм, Чойжингийн сүмүүд бүгд модон барилга байсан учраас шатсан. Тийм учраас Чойжин ламын сүмийг энэ байран дээр ахиад шинээр барьсан. Барихдаа мэдээж барилгын материалыг нь сайжруулаад, тоосгон ханатай, вааран дээвэртэй, мод биш 1903-1908 оны хооронд шинэ барилгыг барьсан. Энэ нь хуучин Шар Орд гээд төрийн ордны хажууд байсан. Өнөөдрийн Улаанбаатар хотын төвд, Засгийн Газрын урд талд хотын төвд үлдсэн ганц соёлын үнэтэй өв дурсгал болоод, цаашлаад музей болоод, аялал жуулчлалын гол төв болсон.

Stop 6. Үл алдрах мөн чанар

Өнөөгийн Чойжин ламын сүм музей нь архитектурын гайхамшигт өв төдийгүй, төрийн дээд ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өрнөж байсан тэртээх оргил цаг үеэс, улс төрийн их өөрчлөлт, хувирлын үед харьцангуй бүрэн бүтэн үлдсэн гээд ерөөс монголчуудын шашин, соёлын замналыг гэрчлэн харуулах бодит дурсгал юм. Соёл, урлагийн боловсролын олон талт хүртээмжтэй хөтөлбөрүүд нь чухамдаа Чойжин ламын сүм музейг өнгөрсөн хийгээд одоог холбогч гүүр мэт, түүх, шашин, соёл, урлаг, оюун санаа нэг дор цогцолсон амин чухал газрын нэг болгон хөгжүүлжээ. Түүний оршин ахуй нь Монголын эртний болон орчин үеийн хоорондох сонин содон холбооcын толин тусгал мөн.